Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Монгол улсын Сангийн сайдын нэгдсэн удирдамжаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023, 2024 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дүнг хүргүүллээ.
Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчил, цуглуулсан тайлан мэдээ, ажлын баримтад тулгуурлан дараах үнэлэлт дүгнэлтийг өглөө. Үүнд:
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ногдуулсан дүн, Татварын газрын нэхэмжлэх үүсгэсэн дүн зөрүүтэй, газрын төлбөрөөс оруулах орлогын төлөвлөгөөг бууруулан баталсан зөрчил давтан гарсан нь Татварын газартай тооцоо нийлж ажиллаагүй, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг давтан гаргасан, арилгах арга хэмжээ авч ажиллаагүйтэй холбоотой байна.
- Хяналт шалгалтаар нийт газрын төлбөр ногдуулбал зохих газрын 2023 онд 73.3 хувьд, 2024 оны 81.7 хувьд нь гэрээ байгуулж, хүчинтэй гэрээний 80 хувьд газрын төлбөрийн ногдуулалт хийсэн бөгөөд системд бүртгэн баталгаажуулах ажлын явцад татвар төлөгчийн дугаар байхгүй, хөрөнгийн бүртгэл үүсээгүй гэсэн алдаа системд заасан, хөрөнгийн бүртгэлийн алдааг засварлаад татварын дундын мэдээллийн санд илгээх, ТИН дугаар татах үйлдлийг хийсэн ч дээрх алдаа заагаад үүсэхгүй байгаагаас шалтгаалан газрын төлбөрийн ногдуулалт бүрэн хийгдээгүй байна. Газрын төлбөрийн ногдуулалтыг сум тус бүрээр иргэд, аж ахуйн нэгжээр ногдуулалт, төлөлтийг нэгбүрчлэн хянаж үзэхэд аймгийн дүнгээр ногдуулсан төлбөрөөс 103.7 сая төгрөгийг төсвийн орлогод хураан барагдуулаагүй, газрын төлбөрийн ногдуулалтыг журамд заасны дагуу иж бүрэн, үнэ зөв тогтоогоогүй байснаас дутуу ногдуулсан 4.8 сая төгрөгийн зөрчилд улсын байцаагчийн актаар нөхөн төлбөр тогтоож, илүү ногдуулсан 18.2 сая төгрөгийг суутган тооцохоор албан шаардлага хүргүүллээ.
- Архангай аймгийн хэмжээний газрын төлбөрийн ногдуулалт, төлөлт бүрэн хийгдэж жигдрээгүй, сумдын газрын даамлууд газрын үнэлгээг буруу тооцоолсон, зориулалтыг өөрчлөн үнэлсэн, мэдээ тайланг алдаатай гаргасан, тооцоо нийлж баталгаажуулаагүй, байгууллагын дотоод хяналт үүнд чиглэн үнэлгээ дүгнэлт огт хийгдээгүй байгаа нь байгууллагын тухайн албан тушаалтны ажлын хариуцлага, мэргэжил ур чадвар сул байгаатай холбоотой байна. Иймд аймгийн ГХБХБГ, Татварын газар, Санхүү төрийн сангийн хэлтэс, сумдын Засаг дарга нарын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэргэжилтнийг чадавхижуулах, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.
Холбоо барих
Мэдээлэл хариуцсан ажилтан: Н.Нямсүрэн. Утас: 70333137. E-mail: sankhuu.audit.ar@gmail.com
